Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монголын шүүгчдийн холбоотой хамтран өнөөдөр (2026.05.19) Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг баталж, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Эдгээр шүүхийг байгуулах тухай заалтуудыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Мөн хууль батлагдсантай холбогдуулан арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор шинээр байгуулагдах шүүхүүдийн үйл ажиллагаатай уялдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгаж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 04, 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал ахалж буй юм. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгийг удирдан явуулав. Хэлэлцүүлэгт хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул хийлээ. Тэрбээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хийгдсэн судалгааны ажил, гадаад орнуудын хууль, эрх зүйн нийтлэг жишиг, туршлагыг танилцуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, мөн дагалдуулан боловсруулсан 12 хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт, тэдгээрийн үзэл баримтлалын талаар товч дурдав. Хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд Монгол Улс анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх бий болж байгаа учир энэ талаар олон улсад тогтсон жишиг, сайн туршлагыг судлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах үүднээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүүхдийн тэргүүн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталж, үүний тулд шаардлагатай тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах Ex-Officio зарчмыг тусгасан гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Тухайлбал, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүгч өөрийн санаачилгаар холбогдох байгууллагаас шаардлагатай баримт, мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах, ярилцлага хийх, мөн гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг судлуулж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг шинээр оруулж байгаа юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдийн үйлдсэн хэрэгт оногдуулах шийтгэл нь цээрлүүлэхээс илүү хүмүүжүүлэхэд чиглэсэн байх бодлогыг барьжээ. Дараа нь гэр бүлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа танилцуулав. Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг өнөөдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж буй бөгөөд иргэний хэрэг үүсгэх, ердийн журмаар шийдвэрлэх, шүүхээс гадуурх эвлэрүүлэн зуучлал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал зэрэг арга хэрэгслийг хэрэглэж буй юм. Энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад шүүхийн харьяаллыг тогтоохоос эхлээд тэтгэвэр гаргуулах, дундын эд хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж, тэтгэмжийг шийдвэрлэх, шүүгчийн идэвх, оролцоог хангах зэрэг олон асуудал учир дутагдалтай байгааг шүүгч Н.Оюунтуяа илтгэлдээ дурдлаа. Тэрбээр, шүүх нотлох, талууд тэгш мэтгэлцэх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмуудыг хуульд тодорхой томьёолж оруулах, эвлэрүүлэн зуучлал, шинжээчийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох болон үрчлэх харилцаанд “дасан зохицох хугацаа” буюу урьдчилсан арга хэмжээг хуульчлах эрэлт хэрэгцээ байгааг дүгнэсэн юм.

16° C
3575.93
0 cэтгэгдэлтэй