Японы нисэх буудлуудын ачаа тээшний ажилтнууд нягт нямбайгаараа алдартай. Гэвч ачаалал ихтэй байдаг тэдгээр ажилтныг тавдугаар сараас эхлэн хүн дүрст роботууд орлох бололтой. Тодруулбал, Ханэда нисэх буудал ирэх сараас хүн дүрст роботуудыг туршилтаар нэвтрүүлэх бөгөөд энэ нь ажиллах хүчний архаг хомсдолтой тэмцэх нэгэн шийдэл болох юм. Хятадад үйлдвэрлэсэн эдгээр робот нисэх буудлын хөөрөх зурваст ачаа тээш зөөвөрлөнө.
Ханэда нисэх буудал жилдээ 60 сая гаруй зорчигч хүлээн авдаг тул маш ачаалалтай байдаг. Энэ ачаалал цаашдаа улам л ихсэнэ. Үүнтэй зэрэгцээд ажиллах хүчний хомсдол ч үргэлжилсээр байх тул 2028 онд дуусах энэхүү туршилт ач тусаа өгнө гэж найдаж байна. Хятадын Ханжоу хотод төвтэй “Unitree” компанийн үйлдвэрлэсэн 130 см өндөр роботыг хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийнхэнд танилцуулжээ.
“Хүнд хүчир ажилд робот ашиглах нь ажилчдын ачааллыг бууруулж, мэдэгдэхүйц ашиг авчирна. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын удирдлага зэрэг гол үүргүүдийг хүмүүс үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэж “JAL”-ийн Газрын үйлчилгээний газрын дарга Ёшитэрү Сүзүки онцолсон байна.
Ачаа тээш зөөвөрлөгч роботууд тасралтгүй 2-3 цаг ажиллах хүчин чадалтай. Тэднийг цаашдаа онгоцны бүхээг цэвэрлэх зэрэг бусад ажилд ашиглахаар төлөвлөж байна. Нисэх буудлууд харьцангуй автоматжсан харагддаг ч гэлээ хүмүүсийн нүдэнд ил харагддаггүй “хар” ажлууд их байдаг. Эдгээр ажил хүний хөдөлмөрт ихээхэн тулгуурласан байдаг аж.
Дашрамд дурдахад, Япон улсад энэ оны эхний хоёр сард долоон сая гаруй жуулчин иржээ. Өнгөрсөн жил нийт 42.7 сая жуулчин ирсэн нь тус улсын хувьд дээд амжилт болсон юм. Гэхдээ сүүлд Хятад, Японы хурцадмал харилцааны улмаас жуулчдын тоо мэдэгдэхүйц буурчээ.

14° C
3575.93
0 cэтгэгдэлтэй